Сангийн тухай |

Сангийн тухай

   Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь 2001 онд “Харилцаа холбооны тухай” хуулийн хүрээнд анх үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”, ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан “Тусгай зөвшөөрлийн гэрээ” болон тэдгээртэй холбогдон гарсан дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг үндэслэн харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцүү байна.

Орчин үеийн техник, технологийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргад танилцуулан баталгаажуулан Ерөнхий сайдад өргөн барьж батлуулж Монгол Улсын хэмжээнд алслагдсан орон нутгийн хүн амд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны түвшинг үл хамааран алслагдсан хөдөө орон нутаг, хүн амд хүргэх боломжыг бүрдүүлэх, сүлжээг барьж байгуулах зорилттой ажилладаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг Засгийн газрын тусгай сан юм.

    Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Иргэд болон аймаг сумдын Засаг дарга,  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, УИХ-ын гишүүд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харъяа байгууллагуудаас ирүүлж буй саналуудыг хүлээн авч судалж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээтэй давхцуулахгүйгээр боловсруулдаг.

Үүн дээр үндэслэн Монгол Улсын хэмжээнд алслагдсан орон нутгийн зайлшгүй шаардлагатай газруудад үүрэн холбооны үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ, шуудангийн үйлчилгээ, радио, телевизийн үйлчилгээ, судалгаа, сурталчилгаа зэрэг таван чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг алслагдсан сум, суурин газарт хүрэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.