БНҮҮС-ийн санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдлаа |

Тус сум 201.1 мянган га нутагтай, 1700 гаруй хүн амтай, 32998 толгой малтай 22000 га тариалангийн эдэлбэр газартай, газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуй эрхэлдэг юм. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр 2018 онд хэрэгжүүлсэн Харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний төв барих” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 20 метр цамхаг, 9х12 харьцаатай нэг цэгийн үйлчилгээний төв барьж байгуулав. Алслагдсан сумдын иргэдэд оршин суугаа газраас үл хамааран мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хүргэх мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхахад тус төслийн зорилго оршино.

Нэг цэгийн үйлчилгээний төвийг барьж байгуулснаар сумдад үйлчилгээ явуулж байгаа шуудан, интернет, цахилгаан холбоо, үүрэн холбоо, шуудангийн тус тусын  үйл ажиллагааг хооронд нь уялдуулах улмаар Цахим Монгол үндэсний  хөтөлбөрийн дэд хэсэг болох Цахим засаглал буюу төрийн үйлчилгээг иргэдэд онлайнаар хүргэх ажлыг хэрэгжүүлэх боломжтой болох юм.